Хичээлийн зорилго
Энэ хичээлийн төгсгөлд суралцагч дараах чадварт суралцсан байна:
(1) Үр хүүхэдгүй байх талаарх Библийн үзэл баримтлалыг ойлгож, үүнд хариу үйлдэх.
(2) Хүн бүр Бурханы дүр төрхийг агуулдгийн хувьд үнэлэх.
Search through all lessons and sections in this course
Searching...
No results found
No matches for ""
Try different keywords or check your spelling
1 min read
by Stephen Gibson
Энэ хичээлийн төгсгөлд суралцагч дараах чадварт суралцсан байна:
(1) Үр хүүхэдгүй байх талаарх Библийн үзэл баримтлалыг ойлгож, үүнд хариу үйлдэх.
(2) Хүн бүр Бурханы дүр төрхийг агуулдгийн хувьд үнэлэх.
Бусаба Азийн нэгэн оронд төрж өсжээ. Тэрээр залуу бизнесментэй гэрлэхдээ баяртай байсан бөгөөд тэд хамтдаа аз жаргалтай амьдралыг хүлээж байв. Хэдэн жил өнгөрсөн ч Бусаба хүүхэдгүй хэвээр байв. Эмч түүнд хүүхэдтэй болох боломжгүй гэж хэлжээ. Нөхөр нь маш их гуниглаж, уурсав. Эцэст нь тэр Бусабагаас салж, өөр эмэгтэйтэй гэрлэх шийдвэр гаргасан байна. Бусаба одоо өтөлжээ. Тэрээр жижигхэн байшинд ганцаараа амьдрах бөгөөд хамаатан садан гэж түүнд байсангүй. Тэр буддын шашинтай учраас ирээдүйд хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болж, ичгүүр нь арилна гэж найдсаар байдаг.
► Хэрэв та Бусабагийн хамт олны дунд пастор байсан бол түүнд юу гэж хэлэх байсан бэ? Бусабад зориулсан христитгэлийн мэдээ сургаал нь юу байх бол?
Энэ хичээлээр бид үр хүүхэдгүй байх асуудлыг Библийн үүднээс харах болно.
Бурхан анхны эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээснийхээ дараа шууд тэдэнд хүүхэдтэй болж, хүн амын тоог олшруулж, дэлхийг дүүргэхийг тушаажээ (Эхлэл 1:28).
Хуучин гэрээнд Бурхан заримдаа ерөөлийг зөвхөн хувь хүнд төдийгүй, олон үе удам дамжин гэр бүлд амласан байдаг. Жишээлбэл, Бурхан Абрахамд хувьчилсан байдлаар бус, харин хожмын үеийнхэнд ирэх ерөөлийг амлажээ. Бурхан Абрахамд түүний үр удам далайн элс мэт олон болно хэмээн амласан юм. Абрахамын хүү Исаак гайхамшигтай арга замаар олдсон. Дараа нь гэр бүлүүд үе үеэрээ олширч, тоо нь нэмэгдсээр Бурханы амлалт биелж байгааг харуулдаг.
Гэтлэл 23:25-27-д Бурхан Израилыг шинэ газар нутагт орох үед ерөөнө хэмээн хэлжээ. Бурхан израилчуудын хоол хүнсийг ерөөж, өвчнийг арилган, үргүйдэл ба зулбалтыг тэдэнд эс зөвшөөрч, мөн дайснуудыг нь устгана гэж амласан. Эдгээр амлалт нь Израилын дуулгавартай байдлаас хамаарах байсан бөгөөд Бурхан өөрийн шаардлагуудыг (жишээлбэл, Гэтлэл 23:32-д буй тушаал) тайлбарласан байдаг. Амлалтууд нь хувь хүмүүст биш, харин үндэстэнд өгөгдсөн юм. Хувь хүмүүс нь үндэстний ерөнхий дуулгавартай байдал болон дуулгаваргүй байдлаас болж нөлөөлөгддөг байжээ. Жишээлбэл, хүн өвчтэй байж болно, эсвэл эмэгтэй хүн хүүхэдгүй байх боломжтой. Энэ нь тэдний өөрсдийн нүглээс болсон хэрэг биш, харин тэд Бурханд итгэмжтэй байгаагүй үндэстний дор байсан учраас тэр юм. Тиймээс хүүхэдгүй эмэгтэйг зөвхөн өөрийнхөө нүглийн үр дагавраас болж зовж байгаа гэж үзэх боломжгүй юм.
Дэд хууль 7:12-15 эшлэл нь Израил үндэстэнд өгөгдсөн амлалтуудыг агуулдаг. Тэдгээр нь хөгжил цэцэглэлт, өвчин эмгэггүй байдал, хүн болон амьтад үр төлтэй байх талаар хэлжээ. 12-р эшлэлд израилчууд Бурханд дуулгавартай байвал эдгээр ерөөлийг хүлээн авна гэжээ. Учир нь Бурхан тэдний эцгүүдтэй гэрээ байгуулсан юм. Хэрэв үндэстэн Бурханд итгэмжит биш байвал Израилын дотор буй хүмүүс ядуу байж болно, эсвэл эмэгтэй хүн хүүхэдгүй байх боломжтой юм.
Хүүхдүүд Бурханы ард түмний төлөвлөгөөнд чухал ач холбогдолтой байсан. Энэ курсын бусад хэсэгт бид хүүхдүүдийг Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн учраас хэрхэн үнэлэх ёстой талаар ярилцдаг. Хүүхэд бүр үнэ цэнтэй бөгөөд хайр халамжийг авах ёстой. Гэсэн хэдий ч, заримдаа хүмүүс хүүхэд зөвхөн ирээдүйд гэр бүлийг хүчтэй байлгаж чадах учраас л үнэ цэнтэй гэж боддог. Заримдаа аав нар хүүхдээ өөрийнх нь үргэлжлэх хувилбар гэж үнэлж үздэг. Бурхан хүүхдийг өөрийнхөө зорилгын төлөө өгдөг гэдгийг бид санах хэрэгтэй (Малахи 2:15).
► Нэг суралцагч Дуулал 127:3-5 эшлэлийг бүлэгт чангаар уншина уу.
Библийн энэ эшлэлд хүүхдүүд бол Бурханы ерөөл гэж хэлсэн байна. Бурхан тэднийг өв болгон ерөөсөн мэт харагддаг. Тэд Бурханаас ирсэн шагнал юм. Тэд гэр бүлийнхээ ирээдүйн хамгаалалт, аюулгүй байдал юм.
Бичвэрт заримдаа хамтдаа яригддаг хоёр ерөөл нь урт наслалт ба ач зээ нар юм. Иов ерөөгдсөн. Учир нь тэрээр арван хүүхэдтэй байсан бөгөөд дөрвөн үеэ үзэх хүртэл урт наслажээ (Иов 42:13, 16). Дуулал 128:6-ийн ерөөл нь ач зээгээ харах хүртэл амьдрах бэлэг юм.
Бурхан Ионадабын гэр бүлийг ерөөхдөө түүний удмыг тэргүүлэх хүн тасрахгүй хэмээн амласан (Иеремиа 35:19). Бурхан Давид хааны гэр бүлд үргэлж хаан ширээнд суух хүн байх болно хэмээн амлажээ (2 Самуел 7:16).
Тиймээс бид Бурханы гэр бүлд өгөх ерөөл нь ихэвчлэн хүүхдүүдийг багтаасан мөн хүүхдүүд нь Бурханы ерөөлийг ирээдүй үеийнхэнд хүргэх арга зам гэдгийг хардаг.
Үр хүүхэдгүй байх нь зарим тохиолдолд Бурхан гэр бүлийг хараасан гэсэн утгатай байж болно. Бурхан гэр бүлүүдийг үргүйдлээр хараасан тухай тохиолдлуудыг Библи бидэнд хэлдэг. Жишээлбэл, Абимелех хаан буруу зүйл хийсэн учраас Бурхан түүний гэм бурууг засах хүртэл гэрийнх нь бүх эмэгтэйчүүдийн умайг хаасан байдаг (Эхлэл 20:18). Эмэгтэйчүүдийн буруу биш байсан ч, тэд хааны нүглийн үр дагаврыг амссан.
Адам, Ева хоёр нүгэл үйлдсэний дараа тэдний нүгэл дэлхий ертөнцөд нөлөөлнө гэдгийг Бурхан айлдсан. Хараал нь хүмүүсийн харилцаа хүндрэх, хүүхэд төрүүлэх өвдөлт, гуниг харуусал, хүнд хөдөлмөр, газрын үр шимгүй байдал, эцэст нь үхэл зэргийг багтаадаг (Эхлэл 3:14-19). Адамаас хойш хүн төрөлхтөн төрсөн цагаасаа (хүн хувьчлан нүгэл үйлдээгүй байхдаа ч) энэхүү хараалыг амсаж туулдаг болсон юм. Хэдий Эзэн Есүс хүртэл огт нүгэлгүй байсан ч, хараалын нөхцөл байдлыг туулж тэсвэрлэх хүний биеэр дэлхийд ирсэн билээ. Тиймээс бид хувь хүний зовлон зүдгүүрийг өөрийнх нь нүглээс болсон гэж хэлэх ёсгүй юм. Бид бүгд хөгширч, өвчилж, олон янзаар зовж, эцэст нь нас бардаг. Энэ бүх асуудал, дээр нь хүүхэд төрүүлэхтэй холбоотой асуудал ч бүгд Адамын анхны нүглийн үр дагавар юм.
Адамын анхны нүглээс гадна, бид өвөг дээдсийнхээ нүглээр ч нөлөөлөгддөг. Учир нь тэдний хийсэн зүйл үйл нь бидний төрж өссөн нийгмийг бий болгосон юм. Бид гэр бүл, хамт олон, үндэстнийхээ нүглээр нөлөөлөгддөг. Дэлхий даяар хаа сайгүй итгэгчид хяналтгүй нийгмийн бүтээсэн нөхцөл байдлыг тэсвэрлэн амьдарч байна. Гэр бүл ядууралд өртөж болно, учир нь тэд эрх чөлөө, боломж багатай газар амьдарч байна. Хүүхэд ямар ч нүгэл хийгээгүй байсан ч бие нь согогтой төрж болно (Иохан 9:1-3).
Бурхан эцэг эхчүүдэд хүүхдийг зөвшөөрөх эсвэл хосыг хүүхэдгүй байлгах шалтгааныг бид мэдэхгүй. Заримдаа хайхрамжгүй, тэрслүү нүгэлтэй хүмүүс олон хүүхэдтэй болж, хүүхдүүдээ Бурханыг алдаршуулах замаар өсгөж хүмүүжүүлдэггүй (Дуулал 17:14). Заримдаа итгэмжтэй итгэгч хүнд үр хүүхэд заяадаггүй. Мэдээж, бид тухайн хүний нүгэл үр хүүхэдгүй байхад хүргэсэн гэж таамаглах учиргүй.
Бурхан хүссэн үедээ эдгээж, ерөөж чадна гэдгийг бид мэддэг. Гэхдээ ерөнхийдөө, итгэгчид энэ дэлхийн нөхцөл байдлыг тэсвэрлэж байгаа юм. Бурхан бүтээлээ шинэчлэх цагийг бид итгэлээр хүлээж байна (Ром 8:18-23).
Хүүхэдгүй байсных нь төлөө, түүний нүгэл хараалыг авчирсан мэтээр эмэгтэйг буруутгах нь шударга бус юм. Үүнтэй адилаар, хүүхэд төрөхөөс өмнө нас барж эндэх тохиолдолд энэ нь ихэвчлэн эхийн хийсэн зүйлээс болдоггүй. Хувь хүмүүс Адамын нүгэл, бусдын нүгэл болон дэлхийн ерөнхий нөхцөл байдлаас болж олон янзын зовлон зүдгүүрийг туулдаг. Хүн бүр нүгэл үйлдсэн учраас хүн төрөлхтөн дэлхийн нөхцөл байдлын төлөө хамтдаа гэм бурууг хуваалцдаг. Гэхдээ хувь хүмүүсийн зовлон зүдгүүр нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг.
Есүс эдгээж, бусад гайхамшгуудыг үйлдэхдээ Бурханы хайрыг харуулжээ. Библид тэмдэглэгдсэн түүхээс Бурхан өөрийн хүмүүсийн төлөө хийсэн олон арван гайхамшгийн жишээг бид хардаг.
Бурхан биднийг үзэсгэлэнт дэлхий ертөнцөд аз жаргалтай, зовлон шаналалгүй амьдрахыг хүсдэг (Эхлэл 1:28, 31, 1 Тимот 6:17). Гэхдээ Бурханы нэн тэргүүнд чухалчилдаг зүйл нь биднийг нүглээс аврах бөгөөд ингэснээр бид Түүнтэй мөнхөд харилцах боломжтой болох юм. Хүмүүс гэмшиж, итгэх шийдвэр гаргах ёстой учраас нүгэлтнүүдийг аврахад цаг хугацаа шаардагддаг. Хэрэв Бурхан яг одоо бүх зовлонг эцэслэж дуусгавал цөөхөн хүмүүс гэмших бөгөөд хүн төрөлхтөн нүглийн хор хөнөөлийг ухамсарлаж чадахгүй байсан. Тиймээс сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдах зуур одоо энэ цаг үед ч зовлон шаналал ерөнхий байдлаар үргэлжлэх ёстой юм. Хэдийгээр Бурхан заримдаа гайхамшиг үзүүлдэг ч, бидний бүх асуудлыг шийдэж, бүх зовлонгоос гэтэлгэхийг гайхамшгаар дамжуулан бид хүлээх учиргүй. Эцэстээ, Бурхантай харилцаатай болсон бүх хүмүүсийн хувьд бүх зовлон шаналалд нь төгсгөл ирэх болно. Харин энэ хооронд Бурхан бидний зовлон шаналал дунд бидэнтэй хамт гашуудаж (Иохан 11:35), мөн биднийг олон янзаар тайвшруулдаг (2 Коринт 1:3-7).
Бурханы гайхамшгуудын нэг нь хүүхэдгүй эмэгтэйг хүүхдийн ээж болгох юм (Дуулал 113:9).
Библид Бурхан хүүхэдгүй эмэгтэйд хүүхэд өгсөн талаар хамгийн багадаа зургаан тохиолдлыг тэмдэглэсэн байдаг. Хэдийгээр Бурхан энэ гайхамшгийг өөр цаг үеүдэд олон удаа хийсэн ч, энэ зургаан тохиолдол нь хүүхэд тухайн түүхэнд чухал байсан учраас тэмдэглэгдсэн юм. Исаак Сарагаас (Эхлэл 21:1-3), Иаков, Есав хоёр Ребекагаас (Эхлэл 25:21, 25-26), Иосеф Рахелаас (Эхлэл 30:22-24), Самсон Маноагийн эхнэрээс (Шүүгчид 13:2-3, 24), Самуел Ханнагаас (1 Самуел 1:20), Иохан Елизабетаас (Лук 1:13, 57) тус тус төржээ.
Эдгээр зургаан тохиолдол тус бүрд тухайн гэр бүлийн эхнэр нь хүүхэдгүй байснаас болж гунигладаг байжээ. Библид тэмдэглэгдсэнээс харвал Бурхан эмэгтэйг хүүхэдгүй байсных нь төлөө хэнийг ч буруутгаж байгаагүй. Түүнчлэн эцэг эхийн аль нэг нь Бурханд таалагдаагүй гэсэн утга санаа Библид бичигдээгүй юм. Лук 1:5-7-д Зехариа, Елизабет нар Бурханы өмнө зөвт амьдарсан, Түүний тушаалуудыг бүрэн дуулгавартай дагасан ч, хөгширтлөө үр хүүхэдгүй байсан гэж хэлсэн юм. Эдгээр зургаан түүхэнд эцэг эхийн аль нэг нь гайхамшиг хүсэн залбирахдаа нүглээ гэмшсэн эсвэл хүлээн зөвшөөрсөн талаар тэмдэглээгүй байдаг. Тэдгээр эцэг эхчүүдэд хандан ярьсан Бурханы үгэнд тэд хүүхэдгүй байсан шалтгааныг дурдаагүй. Эдгээр тохиолдлууд нь үр хүүхэдгүй байгаагийнх нь төлөө хувь хүмүүсийг буруутгах ёсгүй гэдгийг харуулж байна.
Бурхан үр хүүхдийн ерөөлийг өгөхийг бид залбирах нь зохистой боловч, эцсийн дүндээ бид Бурханы шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бурхан өвчин болгоныг эдгээдэггүй эсвэл зовлон шаналал бүрийг арилгадаггүй шиг, Бурхан гэр бүл болгонд үр хүүхэд өгөх нь Түүний хүсэл гэж бид таамаглах учиргүй юм.
Элч Паул бие махбодод нь өргөс мэт зүйл байсан бөгөөд түүнээс гэтэлгэхийг гурван удаа залбирч байжээ (2 Коринт 12:7-10). Бид энэ нь ямар асуудал байсныг тодорхой мэдэхгүй ч, бие махбодтой холбоотой зүйл байсан бололтой. Үүнийг нь Бурхан өөрчилнө гэж тэрээр найдаж байсан учраас гайхамшгийн төлөө залбирсан. Харин Бурхан түүний өргөсийг авахын оронд сул дорой байдлаас нь илүү агуу нигүүлслийг өгнө хэмээн хэлсэн байдаг. Түүний сул дорой байдал Бурханы хүчийг олж харахад нь Паулд тусалсан учраас энэ нь Бурханд алдрыг авчрах болно хэмээн тэр хэлжээ. Паул үргэлжлүүлэн сул дорой байдал, зовлон шаналал дунд ч баяр хөөртэй байх болно гэж хэлсэн. Учир нь тэдгээр нь Бурханыг алдаршуулах нөхцөл боломжоор хангадаг.
Элч Паул агуу итгэлтэй хүн байсан ч, гуйж хүссэн гайхамшгуудаа үргэлж хүлээн авч байгаагүй. Тэрээр Бурханы хүслийг хүлээн зөвшөөрсөн. Хэдийгээр бид үргэлж Бурханаас ерөөлийн гайхамшгийг хүсдэг ч, Түүний шийдвэрийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Заримдаа Тэр бидний сул дорой байдлаар дамжуулан ажиллахдаа ихээр алдаршуулагддаг.
► Бурхан таны хүссэн гайхамшгийг үйлдэхгүйгээр хэрхэн танд санаа тавьж байсан талаар жишээг хуваалцаарай.
Ахуй соёлууд нь хүүхдийг үнэлэх талаар харилцан адилгүй байдаг. Зарим оронд гэр бүлүүд олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Хүүхдүүд нь гэр бүлээ тэтгэх ажилд нь тус нэмэр болох боломжтой байдаг. Үеэл, авга ах эгч нар болон бусад хүмүүсийг багтаасан өнөр өтгөн гэр бүлүүд нь хэрэгцээтэй үед бие биенээ хамгаалж, халамж анхаарал тавьдаг. Өнөр өтгөн гэр бүлийн эхнэр бүр нь хүүхэд төрүүлж гишүүдээ нэмэхийг хүсдэг. Олон хүүхэдтэй, ялангуяа хөвгүүдтэй эрэгтэй хүн ийм өнөр өтгөн гэр бүлд чухал байр суурь эзэлдэг. Гэр бүл нь ахмад настнуудаа асран халамжлах ёстой гэж үздэг.
Бусад оронд ихэнх гэр бүлүүд хот суурин газар амьдарч, эцэг эх нь ажил хийж өрх гэрээ авч явдаг. Хот суурин газрын гэр бүлд хүүхдүүдийн дэмжлэг бага байдаг. Ийм газар хүүхэд өсгөх, боловсрол олгох нь өртөг өндөр байж болно. Цаг хугацаа өнгөрөх тусам, гэр бүлүүд хэдэн үеэр хотод амьдрахдаа цөөн хүүхэдтэй болохыг ч хүсэх боломжтой. Хот суурин газрын ихэнх гэр бүлүүд зөвхөн нэг эсвэл хоёр хүүхэдтэй байхыг илүүд үздэг.
Олон соёлд хүүхдийн үнэ цэн өндөр байдаг учраас гэр бүл болгон хүндлэгдэж, үнэлэгдэхийн тулд хүүхэдтэй байхыг чухалчилдаг. Ийм газар хүүхэдгүй эмэгтэй өөрийн хамгийн чухал үүргээ биелүүлж чадахгүй бүтэлгүйтсэн мэтээр мэдэрдэг. Хэзээ ч гэрлээгүй эмэгтэй хүүхэдгүй, хэн нэгний эхнэр болж сонгогдоогүй учраас ичиж зовдог.
Олон соёлд гэр бүлүүд удам залгах гэр бүлээ удирдаж, бэхжүүлэх хөвгүүдтэй болохыг хүсдэг. Охидыг маш бага үнэлдэг. Охидыг хэвлийд байхад нь үр хөндөх эсвэл төрөх үед нь хаяж орхих нь ч бий. Зарим улс орон төрөөгүй хүүхдийн хүйсийг тогтоохыг хууль бус болгосон байдаг. Учир нь олон гэр бүл охидыг төрөхөөс нь өмнө хөнөөдөг. Библиэс бид охид нь хөвгүүдтэй адилхан нэр төр, үнэ цэнтэй байдаг гэдгийг мэддэг. Учир нь тэд бүгд Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн юм (Эхлэл 1:27). Тиймээс Христийг дагадаг гэр бүлүүд ахуй соёлд нь хэвийн тогтсон эсэхээс үл хамааран охид хөвгүүдийг адилхан үнэлэх ёстой.
Хэрэв тухайн гэр бүлд хүүхдээрээ бахархах хэрэгцээ өндөр бол, тэд бие махбодын эсвэл сэтгэцийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үгүйсгэх боломжтой. Зарим оронд эцэг эх нь тэднийг хүсээгүй учраас хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхдүүдийг асрамжийн газар руу явуулдаг. Хүүхдэд ингэж хандах нь буруу юм. Учир нь тэд Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн бөгөөд хүүхдийн чадвар, хязгаарлагдмал байдлаас үл хамааран Түүний мэлмийд үнэ цэнтэй юм.
Зарим ахуй соёлд олон эхнэр авах ёс заншил нь хүүхдийн үнэ цэнд тулгуурласан байдаг. Эр хүн хэд хэдэн эхнэр авах замаар хүүхдүүдээ олшруулахыг хүсдэг. Библид Бурханы төлөвлөгөө нь эрэгтэй хүнд нэг эхнэр байх ёстой гэж хэлсэн байдаг (Эхлэл 2:22-24, 1 Тимот 3:2).
Хуучин гэрээнд эхнэр нь нөхөртөө эмэгтэй зарц өгч, хүүхэдтэй болсон тохиолдлууд тэмдэглэгдсэн байдаг. Эхнэр нь зарцынхаа хүүхдээр дамжуулан байр суурь олж авдаг байсан. Иаковын эхнэрүүд болох Рахел, Леа нар тус тусдаа Иаковт эмэгтэй зарц өгч, илүү олон хүүхдээр дамжуулан байр суурь олж авсан байдаг.
Хүүхэд нэмэхийн тулд зарцыг ашигласан нь төвөгтэй харилцааг үүсгэсэн. Сарай Абрахамд Хагарыг өгснөөр тэр хүүхэдтэй болоход Сарайгийн байр суурь илүү сайн болно гэж найдаж байв (Эхлэл 16:2-6). Хагар жирэмсэн болж, улмаар тэр өөрийгөө Сарайгаас илүү дээр гэж мэдэрсэн. Сарай өөрийн эрх мэдлээ тогтоохын тулд түүнд хатуу ширүүн хандсан байдаг.
Лелиа Баруун Африкийн нэгэн оронд төрсөн. Гэрлээд гурван жил болсон ч тэрээр хүүхэдгүй хэвээр байв. Лелиагийн ахуй соёлд нялх хүүхэд өргөж авах нь үр хүүхэдгүй байх ичгүүрээс нь салгадаггүй байлаа. Лелиа ядуу тосгоны нэгэн гэр бүлийн жирэмсэн эмэгтэйг олж, түүний хүүхдийг худалдаж авахаар тохиролцсон. Лелиа хэдэн сарын турш хувцасныхаа дотуур ямар нэгэн зүйл хийж, жирэмсэн мэт харагдах болсон. Хүүхэд төрөх цаг болоход Лелиа төрөх эмнэлэг рүү явж байгаа мэт дүр эсгээд, дараа нь тосгоноос хүүхдийг авч гэртээ харьжээ.
Хэрэв тухайн гэр бүл хүүхдийг зөвхөн гэр бүлд нь ашиг тустай учраас л хүсдэг бол, тэд хүүхэд нь Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүн гэж үнэлж чадахгүй байх боломжтой. Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хайрлаж, хүлээн авахаас татгалзаж магадгүй. Тэд хөвгүүдийг хүсдэг учраас охидоос татгалзаж мэднэ. Тэд хүүхэдгүй эмэгтэйг ичиж зовсон, үнэ цэнгүй хүн мэт мэдрэхэд хүргэдэг. Тэд өнчин эсвэл гэр оронгүй хүүхдүүдийг өргөж авахын үнэ цэнийг олж хардаггүй. Эдгээр бүх хандлага, үйлдэл нь хувиа хичээсэн бөгөөд буруу юм. Бид эдгээр шалтгааны аль нэгээр хувь хүмүүст муугаар хандахдаа Бүтээгчийг доромжилж байдаг (Гэтлэл 4:11, Сургаалт үгс 14:31).
Английн хаан VIII Хенри 1509-1547 онуудад хаанчилж байсан юм. Тэрээр хүүтэй болохыг маш их хүсдэг байв. Эхнэр нь охинтой байсан ч, хүү тогтдоггүй байсан учраас Хенри түүнээс салж, өөр эмэгтэйтэй гэрлэжээ. Хоёр дахь эхнэр нь мөн л хүү төрүүлж чадаагүй бөгөөд Хенри эхнэрээ эх орноосоо урвасан хэмээн буруутгаж, цаазаар авахыг тушаасан байдаг.
Анагаах ухаанд эр бэлгийн эс хүүхдийн хүйсийг тодорхойлдог болохыг баталсан. Эмэгтэй хүний бие нь хүүтэй эсвэл охинтой болох эсэхийг тодорхойлох боломжгүй юм. Гэсэн хэдий ч, олон эрчүүд охинтой болсондоо, хүүгүй байгаадаа эхнэртээ уурсдаг.
Иосеф хэмээх эр, түүний эхнэр хоёр охинтой байв. Иосефийн эхнэр гурав дахь хүүхдээ төрүүлэхээр эмнэлэгт очиход Иосеф хүүтэй болохыг хүсэж байлаа. Гурав дахь хүүхэд нь мөн л охин байв. Иосеф үүнд маш их уурлаж, эхнэрээ эмнэлэгт эргэхээс, эмнэлгийн төлбөрийг төлөхөөс татгалзжээ.
Иов 24-р бүлэгт Иов хорон муу хүний үйлсийг тодорхойлж олон зүйлийг өгүүлсэн байдаг. Энд дурдсан нэг үйл нь хорон муу хүн хүүхэдгүй эмэгтэйд муугаар ханддаг гэсэн юм (Иов 24:21). Хүүхэдгүй эмэгтэйд муугаар хандахад Бурхан дургүйцдэг.
► Танай ахуй соёлд хүүхдийг хэрхэн үнэлдэг вэ? Хүмүүс хүүхэдтэй болохыг хүсдэг зарим шалтгаан юу вэ?
► Танай ахуй соёл дахь заншлаас болж ямар шударга бус явдлууд тохиолддог вэ?
Библид тэмдэглэгдсэн зургаан тохиолдол бүрд Бурхан хүүхэдгүй эмэгтэйд хүүхэд өгөхдөө эцэг эхийн аль нэгийг хүүхэдгүй байсанд нь буруутгах ямар ч зүйлийг хэлээгүй. Үнэн хэрэгтээ, тэдгээр хосуудыг Бурхан онцгой хөвгүүдийн эцэг эх байлгахаар тусгайлан сонгосон байсан юм. Зехариа, Елизабет хоёрыг зөвт хүмүүс гэж нэрлэсэн (Лук 1:5-6). Бурхан таалаагүй учраас эмэгтэй хүн хүүхэдгүй байгаа гэж бид хэзээ ч таамаглах ёсгүй.
Иов 24:21-д хүүхэдгүй эмэгтэйд муугаар хандах нь бузар муу хүний үйлдэл гэж хэлсэн. Бурхан хүүхэдгүй эмэгтэйг шүүж, муугаар ханддаггүй. Бид ч мөн тэгэх ёсгүй.
Исаиа 56:4-5-д Бурхан хүүхэдтэй болох чадваргүй эрэгтэй хүнд хандан айлдсан байдаг. Хэрэв энэ хүн Бурханд дуулгавартай байж, Түүний гэрээний дагуу амьдарвал, хөвгүүд, охидтой байснаас илүү сайн байр суурь, нэр хүндтэй болно гэж хэлсэн юм.
Элч Паул өөрийгөө Тимот (1 Тимот 1:2), Тит (Тит 1:4) болон Онесимын (Филемон 10) эцэг нь хэмээн нэрлэсэн. Тэр өөрийгөө Коринтын итгэгчдийн эцэг гэж дуудаж байсан (1 Коринт 4:15). Паул тэдний биеийн эцэг биш, харин сүнслэг эцэг нь байсан юм. Тэдний сүнслэг эцэг байх нь түүнд илүү чухал байв.
Матай 12:46-50-д Есүсийг зааж байх үед түүний эх, ах дүү нар нь түүнийг үзэхээр ирсэн талаар өгүүлдэг. Есүс сонсогчдоос "Хэн Миний эх, хэн Миний дүү нар вэ?" гэж асуусан. Дараа нь Тэрээр Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс Түүний ах, эгч, эх гэж хэлжээ. Есүс гэр бүлдээ анхаарал тавьдаг байсныг бид мэддэг. Загалмай дээр байхдаа ч Тэрээр ээжийгээ халамжлахад анхаарч үүнийг зохицуулж байсан (Иохан 19:26-27). Гэхдээ Есүс сүнслэг гэр бүл нь төрсөн гэр бүлээс ч илүү чухал хэмээн хэлсэн юм.
Итгэлийн гэр бүл нь төрсөн гэр бүлийг орлохгүй. Харин итгэлийн гэр бүлд багтсан хүний орон зай нь тэр хүн хэн болох хамгийн чухал үнэ цэнийг өгч байдаг. Чуулганы хүмүүс бие биеэ ах, эгч гэж дуудах нь итгэлийн гэр бүл дэх харилцаа нь ямар чухал болохыг харуулдаг (Колоссай 1:2).
Дебора нь Израилын шүүгчээр үйлчилж байсан эмэгтэй эш үзүүлэгч байв (Шүүгчид 4:4). Дебора мөн эрх чөлөөнийхөө төлөө Израилыг дарлаж байсан үндэстэнтэй хийсэн дайн тулааныг удирдсан юм. Шүүгчид 5:7-д Дебора өөрийгөө Израилын эх гэж нэрлэсэн. Библид Деборагийн төрүүлсэн хүүхдүүдийн талаар хэзээ ч дурдаж байгаагүй. Харин тэр удирдлагаараа ард түмэндээ санаа тавьсан учраас Израилын эх байсан юм.
Элч Петр Сарагийн жишээг дагадаг эмэгтэйчүүдийг түүний охид гэж хэлсэн байдаг (1 Петр 3:6). Энэ үг Сараг ямар агуу байр сууринд байгаагаар харуулсныг төсөөлөөд үз дээ! Энэ нь түүний Исаакийн эх байсан үүргийн улмаас биш, харин түүний итгэл, дуулгавартай байдлын жишээн дээр үндэслэсэн байр суурь юм.
Итгэлээр нигүүлслээр аврагдсан бүх хүмүүсийг Абрахамын хүүхдүүд гэж нэрлэдэг (Галат 3:7). Абрахам олон сая итгэгчдийн эцэг байх өндөр хүндэтгэлийг хүлээдэг. Абрахам, Сара нарын жишээнээс бид Бурхан сүнслэг эцэг эхийг ихэд өргөмжилдөг болохыг харж байна.
Элч Паул гэрлэхгүй байхын давуу талыг тайлбарласан байдаг. Гэрлээгүй хүн бусад олон үүрэг хариуцлагагүйгээр Бурханыг баярлуулахад анхаарлаа төвлөрүүлж чаддаг (1 Коринт 7:32-35). Гэрлээгүй хүн хүүхэдгүй байсан ч, Паул хэрэв хүн цэвэр ариун амьдралаар амьдарч чадвал ганц бие байх нь хамгийн сайн гэж хэлжээ. Эдгээр мэдэгдлээс болж ганц бие байх нь зарим хүмүүсийн хувьд Бурханы хүсэл мөн гэдэгт бид итгэлтэй байж болно.
Ганц бие байхтай адил үр хүүхэдгүй байхад ч давуу тал бий. Бурхан ганц бие хүмүүст онцгой боломжууд олгодог шиг, гэрлэсэн боловч хүүхэдгүй хүмүүст ч боломжууд бий. Хэдийгээр тэд хүүхэдгүй байхыг сонгоогүй ч, Бурханы төлөө чадах бүхнээ хийх ёстой.
Ганц бие байх, үр хүүхэдгүй байх болон бусад ямар ч нөхцөл байдалд Бурхан биднээр дамжуулан ажиллаж, бидэнд болон бусдад сүнслэг ашиг тусыг авчрах болно гэдэгт бид итгэж найдаж чадна (Ром 8:28).
Эцэг эх нь хайр халамж үзүүлдэггүй олон хүүхэд бий. Итгэлийн гэр бүлийн зарим хувь хүмүүс эсвэл хосууд тэдэнд хайрыг харуулахыг хичээхгүй л бол тэдний амьдралд энэ хэрэгцээг нь хангах өөр хэн ч байхгүй байж болно.
Бид өөрийн биеэ Бурханд тахил золиос болгон өргөж, Бурханд зориулан амьдрахыг уриалсан байдаг (Ром 12:1).
1. Хүүхдүүд бол Бурханы ерөөл бөгөөд хосууд тэдэнд хүүхэд өгөхийг Түүнээс залбирах нь зөв юм.
2. Гайхамшгаар үргэлж хүүхэдтэй болох нь Бурханы хүсэл гэж таамаглах нь буруу юм. Бурхан бусад бүх хэрэгцээнд үргэлж гайхамшгаар ханддаггүйн адил үргэлж хүүхэдтэй байлгахаар сонгодоггүй.
3. Үр хүүхэдгүй байгаагийнх нь улмаас эмэгтэйг эсвэл хосыг буруутгах нь буруу юм. Хүний нөхцөл байдалд Адамын нүгэл, бидний өвөг дээдсийн нүгэл болон бидний нийгмийн нүгэл нөлөөлдөг.
4. Бид хөвгүүд, охидыг адилхан хайрлаж, үнэлэх ёстой. Учир нь тэд Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүс юм.
5. Хүн төрүүлсэн хүүхэдгүй байсан ч, олон үед нөлөөлөх сүнслэг эцэг эх байж чадна.
6. Бурхан гэрлээгүй болон хүүхэдгүй хүмүүст онцгой үйлчлэлийн боломжуудыг олгодог.
7. Бид өөрсдийгөө Бурханд зориулж, Түүний бидэнд сонгосон нөхцөл байдлаар Түүнийг алдаршуулах ёстой.
Харамсалтай нь, олон газар чуулганууд үр хүүхэдгүй байх асуудалд хандахдаа Бурханы Үгээс илүүтэй өөрсдийн ахуй соёлыг дагасан байдаг.
Пастор өөрийн хүмүүст үр хүүхэдгүй байх талаарх Библийн ойлголтыг, ялангуяа өмнөх хэсэгт дүгнэсэн байдлаар ойлгож хандахыг заах ёстой.
Хэрэв пастор хүүхэдгүй хосын төлөө гайхамшгийг хүсэн залбирч байгаа бол, тэрээр итгэлийн хариуцлагыг эхнэр эсвэл нөхөрт нь хүлээлгэх ёсгүй. Есүс бяцхан хүүхдийг эдгээх эсвэл үхсэн хүнийг амилуулах үед тэрхүү эдгэрсэн эсвэл амилсан хүмүүст өөрсдийн амссан гайхамшгийн төлөөх итгэл байгаагүй юм. Хэрэв тухайн пастор Бурхан гайхамшгийг үйлдэхийг хүсэж байгаад итгэлтэй байвал, пастор итгэлтэй байх ёстой бөгөөд итгэлгүй байсанд нь эхнэр эсвэл нөхрийг буруутгах ёсгүй.
Ром 12:15-д биднийг уйлж буй хүмүүстэй хамт уйлах ёстой гэж хэлсэн байдаг. Пастор чуулганыхаа хүмүүсийн гуниг харууслыг мэддэг байх ёстой. Тэрээр үр хүүхэдгүй байх эсвэл хүүхдээ алдсанаас болж гашуудаж буй хүмүүсийг зоригжуулж, тайвшруулах санаачилгыг авах ёстой. Хосууд төрөөгүй хүүхдийнхээ (зарим нь төрөх хүртлээ амьдраагүй) үхлээс болж гашууддаг. Эхнэр, нөхөр хоёул зовж байгаа ч, тэд өөр өөрөөр илэрхийлдэг гэдгийг санаарай. Пастор гашуудаж буй хүмүүс өөр дээр нь зөвлөгөө авахаар ирэхийг хүлээх учиргүй. Пастор бие биенээ зоригжуулж, дэмжихийг чуулгандаа заах ёстой.
Пастор үр хүүхэдгүй ахмад хүмүүстэй харилцаа тогтоох, тэднийг халамжлах талаар чуулганыг чиглүүлэх хэрэгтэй. Итгэлийн гэр бүлийн гишүүд тэдэнд хайраа харуулж, хамтдаа цаг өнгөрөөж, практик хэрэгцээнд нь тусалж, эцэг эх эсвэл эмээ өвөө мэт хандах учиртай.
Пастор гэрлээгүй болон хүүхэдгүй хүмүүсийг чуулган болон хамт олноо ерөөх арга замуудыг олж үйлчлэхэд нь тэдэнд туслах ёстой. Пастор итгэлийн гэр бүл дэх хүн нэг бүр чухал болохыг батлан харуулах хэрэгтэй.
► Танай ахуй соёлд хүмүүс хүүхдийг хэрхэн үнэлдэг вэ? Тэд үр хүүхэдгүй байхад хэрхэн ханддаг вэ?
► Танай ахуй соёлд итгэгчид хүүхдийг хэрхэн үнэлдэг вэ? Танай ахуй соёлд итгэгч хүн хүүхэдгүй байхад хэрхэн ханддаг вэ?
► Энэ хичээлд танилцуулсан Бичвэрийн зарчмуудыг судлах нь таны үр хүүхэдгүй байх талаарх ойлголтыг хэрхэн өөрчилсөн эсвэл бодоход хүргэсэн бэ?
► Танай чуулганы гэр бүлүүдийн дунд хүүхэдтэй болж чадахгүй байгаа хосууд бий юу? Хэрэв тийм бол, танай чуулган тэднийг хэрхэн дэмжиж, асуудлыг нь сонсох аюулгүй газар байж чадах вэ?
Тэнгэрлэг Эцэг минь,
Христитгэлт гэр бүлүүдийн төлөө талархъя. Таны төлөө амьдардаг нөхөр, эхнэрүүдийн төлөө, мөн таны хаанчлалд оруулж буй хувь нэмрийнх нь төлөө талархъя.
Бид үр хүүхэдгүй зовж буй хосуудын төлөө залбирч байна. Та тэдний зүрх сэтгэлийг тайвшруулж, зоригжуулаач хэмээн бид залбирч байна. Хүүхэдтэй болж чадах эсэхээс нь үл хамааран, та тэднийг тууштайгаар хайрладаг гэдгийг мэдүүлж өгөөч.
Хэрэв тэдэнд биеийн үр хүүхэд өгөх нь таны хүсэл бол, та өөрийн цагтаа энэ боломжийг олгоно гэдэгт бид итгэж байна. Та тэдэнд биеийн хүүхдийг өгөх эсэхээс үл хамааран, бусдын сүнслэг эцэг эх болоход нь тэдэнд туслаач.
Бүх итгэгчид хүн бүрийг таны дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүс гэж үнэлэхэд туслаач.
Амен
(1) Хоёр хуудас эргэцүүлэл бич. Үүнд:
Танай нийгмийн хүүхэд болон үр хүүхэдгүй байх талаарх үзэл бодлыг тодорхойл.
Хүүхдийн талаарх Библийн сургаалыг тайлбарла.
Үр хүүхэдгүй байх талаарх Библийн сургаалыг тайлбарла.
Гэрлэсэн хосыг үр хүүхэдгүй байгаагийнх нь улмаас буруутгах ёсгүй гэдгийг Библийн зарчмуудаар тайлбарла.
(2) Үр хүүхэдгүй хүмүүсийг урамшуул.
Сонголт 1: Үр хүүхэдгүйгээс болж гашуудаж буй таны таньдаг хэн нэгэнд хэрхэн энэрэл өршөөлөөр хандаж, санаа тавьж болох талаар бичнэ үү. Христ доторх ах эгч дүү нараа ерөөж болох зарим зүйлсийг тодорхой дурдаж, хийх болон тэдэнд хэлж болох зүйлсээ бич.
Сонголт 2: Үр хүүхэдгүйгээс болж гашуудаж буй таны таньдаг хэн нэгэнд зориулж богино урамшуулах захидал бич. Тэдний юу мэдэрч байгааг ойлгохыг хичээ. Та тэдний сэтгэл санаанд анхаарал хандуулж байгаагаа мэдүүлээрэй. Тэдний төлөө залбирч байгаагаа хэл. Тэдэнд захидлыг өгөхдөө тэднийг сонсоход болон зохих ёсоор санаа тавилтаа харуулахад бэлэн байгаарай.
11-р хичээлийг үргэлжлүүлэн үзэхийн өмнө Хавсралт Б-г судалж ангидаа хэлэлцэх хэрэгтэй. Энэ нь гэрлэлт ба гэр бүлтэй холбоотой чухал сэдэв болох жирэмслэлтийг хянах талаарх товч хэлэлцүүлэг юм.
SGC exists to equip rising Christian leaders around the world by providing free, high-quality theological resources. We gladly grant permission for you to print and distribute our courses under these simple guidelines:
All materials remain the copyrighted property of Shepherds Global Classroom. We simply ask that you honor the integrity of the content and mission.
Questions? Reach out to us anytime at info@shepherdsglobal.org
Total
$21.99By submitting your contact info, you agree to receive occasional email updates about this ministry.
Download audio files for offline listening
No audio files are available for this course yet.
Check back soon or visit our audio courses page.
Share this free course with others