► 2 Иохан захидлыг хамтдаа унших. Энэ хэсэгт чуулганы анхдагч онол сургаалын ач холбогдлыг юу гэж өгүүлж байна вэ?
Тунхгуудын үүсэл
Атанасиус [1] (ойр. НТ. 296-373) “Хүмүүн болж ирсэн нь” хэмээх алдартай зохиолыг бичсэн бөгөөд Есүс бүрэн дүүрэн Бурхан, бүрэн дүүрэн хүн байсан нь христэч итгэл үнэмшилд яагаад чухал болохыг уг бүтээлд тайлбарлажээ. Тэрээр Никайн тунхаг гарсан Никайн зөвлөлд нөлөөтэй хүн байв.
Тунхаг нь христэч итгэл үнэмшлийн хураангуй юм. Эртний чуулганыхан Библийн онол сургаалыг хураангуйлах шаардлагатай хэмээн үзжээ.
► Чуулганд яагаад тунхаг хэрэгтэй вэ? Библи байхад хангалттай биш үү?
Библид итгэдэг гэж хэлдэг ч Библитэй зөрчилдсөн сургаал заадаг хүмүүс үргэлж байдаг. Тиймээс чуулганыхан христитгэлийн үнэнийг хуурамч сургаалаас ялган харуулж чадах Библийн онол сургаалын тунхгийг боловсруулжээ.
Онол сургаалын анхны тунхаглал нь “Есүс бол Эзэн ” гэсэн тунхаг бөгөөд энэ нь Есүс бол Бурхан мөн гэсэн утгатай. Түүнчлэн Эзэн Есүс Христ гэсэн илэрхийлэл ч тунхаг бөгөөд Есүс бол Мессиа (Христ ) гэж хэлэх нь Тэр бол Бурхан мөн гэсэн санааг илэрхийлдэг. Үл итгэгчид Есүс бол Эзэн гэж хэлэхээс татгалзах, эсвэл Эзэн Есүс Христ гэдэг үгийг ашиглахаас татгалздаг байжээ. Хожим нь өөрсдийгөө Христэд итгэгч гэж зүтгэдэг боловч Есүсийг жинхэнэ хүн байсан гэдэгт итгэдэггүй итгэгчид гарч ирсэн байна. Тийм учраас 1 Иохан захидалд “Есүс Христ махбодоор ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас бөгөөд Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас бус” (1 Иохан 4:2-3) хэмээсэн мэдэгдэл бүхий тунхаг бичигдсэн юм. Хэрэв хүн Христийн талаарх үндсэн онол сургаалыг няцааж байгаа бол тэр хүн нүгэл үйлдэж байгаа төдийгүй, Бурханаас биш гэдгийг элч Иохан ийнхүү илэрхийлжээ (2 Иохан 1:9).
Хэд хэдэн тунхаглал агуулсан, хамгийн эртний тунхгийг 1 Тимот 3:16-аас үзье.
[Бурхан] махбодоор илчлэгдсэн Тэр Сүнс дотор зөвтгөгдсөн. Тэнгэрэлч нарт үзэгдсэн Тэр Харийнханд ч тунхаглагдсан. Ертөнцөд итгэгдсэн Тэр Сүр алдраар дээш авагдсан.
Ямар ямар асуудлыг шийдэхээр 1 Тимот номд энэхүү тунхаг бичигдсэнийг бид нарийн мэдэхгүй. Гэхдээ энэ тунхагт “Бурхан махбодоор илчлэгдсэн” гэж хэлэхдээ Есүсийг хүмүүн бас Бурхан байсныг онцолсон байна.
[2] Итгэл үнэмшилтэй холбоотой эдгээр богино тунхаглалууд нь тодорхой зорилготой байжээ. Эртний итгэгчид Есүст итгэдэг өөр хүнтэй тааралдвал "Та Есүсийг Эзэн гэдэгт итгэдэг үү?", эсвэл "Есүс бол махбодоор ирсэн Бурхан гэдэгт итгэдэг үү?" гэж асуудаг байв. Хэрэв "үгүй" гэж хариулбал энэ хариултаас нь тэд уг хүнийг Есүс болон элч нарын заасан сургаалыг ер мэддэггүй, эсвэл хүлээн зөвшөөрдөггүй хүн байна гэж таньдаг байжээ.
Пэнтекостын дараах эхний хэдэн зууны туршид чуулганыхан Гурвал, Христийн биежилтийн тухай, мөн Ариун Сүнсний мөн чанарын талаар тодорхой тунхаглал гаргах шаардлагатай болохыг ойлгосон байна. Тиймээс тэд гаж сургаалаас хамгаалах үүднээс онол сургаалын жишгийг тогтоожээ. Тунхгууд нь Христэд итгэдэг хүн бүрийн түшиглэх суурь үнэнүүдийг хураангуйлах зорилгоор бичигдсэн юм.
Эдгээр тунхгууд нь бүх асуудлыг хамруулдаггүй хэдий ч эдгээр тунхаглалыг үгүйсгэсэн хүн Христэд итгэгч гэж тооцогддоггүй байжээ. Энэ нь христэч итгэл үнэмшлийг тодорхойлох гэсэн оролдлого байсан юм.
Одоо эртний чуулганы гурван тунхгийг авч үзье.
[2]
“Хүн мөнхийн авралд хүрэхийн тулд Эзэн Есүс Христийг махбодоор төрсөн гэдэгт зөв итгэн хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Бидний Эзэн Есүс Христ бол Бурханы Хүү, Бурхан ба Хүн мөн гэдэгт итгэж, хүлээн зөвшөөрөх нь зөв итгэл юм.”
- Атанасиусын тунхаг
Previous
Next