Танилцуулга
► Нэг суралцагч Ефес 1:4-9-ийг ангид уншина. Энэхүү багц эшлэлд ямар чухал онол сургаалыг заасан бэ?
Search through all lessons and sections in this course
Searching...
No results found
No matches for ""
Try different keywords or check your spelling
1 min read
by Stephen Gibson
► Нэг суралцагч Ефес 1:4-9-ийг ангид уншина. Энэхүү багц эшлэлд ямар чухал онол сургаалыг заасан бэ?
Эвангелийн чуулган нь зөвхөн итгэлээр дамжуулан нигүүлслээр аврагдах тухай Бичвэрийн сайнмэдээг заадаг. Христийн загалмайн ажил, эвлэрүүлэл дээр нэмсэн хүн төрөлхтний ямар ч сайн үйлс биднийг авралд хүргэж чадахгүй.
Сайнмэдээнд итгэдэг хүмүүс энэ нь юу юунаас илүү чухал гэдгийг мэддэг учраас жинхэнэ сайнмэдээг тунхаглах нь эвангелийн чуулгануудын тэргүүлэх чиглэл байдаг.
Сайнмэдээ нь Бурханаас чуулганд даатгагдсан онцгой эрдэнэс бөгөөд үүнийг чуулган дэлхийтэй хуваалцахыг эрмэлздэг.
Ихэнх эвангелийн чуулганууд дараах онцлог шинжийг агуулдаг. Үүнд:
1. Эвангелчүүд Библийн үнэмлэхүй эрх мэдэлд итгэдэг. Библийн эрх мэдлийг үгүйсгэх нь сайнмэдээг эргэлзээтэй болгодог.
2. Эвангелчүүд христитгэлийн түүхэн, үндсэн онол сургаалд итгэдэг. Эдгээр онол сургаалыг үгүйсгэх нь сайнмэдээтэй зөрчилдөхөд хүргэдэг. Жишээлбэл, Христийг Бурхан байгаагүй гэж үздэг тэрс сургаалд Түүний загалмайн ажил, эвлэрүүллийг үгүйсгэдэг. Ингэснээр тэд үйлсээр аврагдах сайнмэдээг зааж сургадаг.
3. Эвангелийн чуулганууд хувьчилсан сүнслэг туршлагыг онцолдог. Энэ шинж чанар нь хүн ухамсартайгаар итгэх болон хувьчлан итгэлд ирдэг учраас оршин байгаа юм. Энэхүү итгэл үнэмшлийн улмаас эвангелчүүд үл итгэгчдэд сайнмэдээ түгээх болон итгэгчдийн сүнслэг төлөвшлийг чухалчилдаг.
► Танай чуулганд эдгээр шинж чанарууд хэрхэн харагддаг вэ? Сайнмэдээг нэн тэргүүнд тавьдаг гэдгийг харуулах өөр ямар шинж чанарууд байж болох вэ?
Сайнмэдээ чуулганд үүрэг даалгаврыг нь тодруулж өгдөг. Сайнмэдээг нэн тэргүүнд тавьдаггүй чуулган Бурханы өгсөн үүрэг даалгаврыг умартдаг.
Бид Матай 28:18-20-д өгөгдсөн Агуу захирамжийг судалж байсан. Тэгвэл чуулганы үндсэн үүрэг даалгавар юу вэ?
[1]Сайнмэдээ нь хаана ч үүнийг номлосоор байх чуулганыг бүтээдэг. Түүхийн туршид жинхэнэ чуулган нь сайнмэдээг номлодог газар байсаар иржээ. Элч нарын үеэс хойш чуулганд дамжин ирсэн өв нь институтийн тасралтгүй байдал бус, харин сайнмэдээг итгэмжтэйгээр тасралтгүй номлох явдал юм.
Чуулганы бий болгосон бүх институт сайнмэдээний тэргүүлэх чиглэлд үйлчлэх ёстой. Жишээлбэл, пасторуудыг бэлтгэх сургалтын хөтөлбөр нь тэдэнд сайнмэдээ тараах болон дагалдуулах чуулганы үүргээ биелүүлэхэд чуулганыг хандуулж, удирдахад бэлтгэх хэрэгтэй гэсэн үг.
Институтууд ихэвчлэн өөрсдөө оршин тогтнох хандлагатай байдаг бөгөөд анхдагч зорилго, үүрэг даалгавраа мартаж орхидог. Сайнмэдээг дахин онцлох нь институтийг шинэчлэгдэхэд үргэлж хөтөлдөг.
Чуулган итгэл үнэмшил, мөргөл хүндэтгэлийн хэлбэр, христитгэлийн амьдрал, чуулганы бодлого зэрэг уламжлалуудыг хөгжүүлдэг. Харин уламжлалаа шинэчлэхийн тулд сайнмэдээг ахин дахин онцлох нь чухал юм.
“Христ захирдаг, Христ Эзэн байх тухай ойлголт нь чуулганы дэлхийд хандсан үүрэг даалгавартай шууд холбоо хамааралтай. Энэ нь Матайн Сайнмэдээн дэх Агуу захирамжаас шууд харагддаг. Чухамдаа тэнгэр, газар дээрх бүх эрх мэдлийг Бурхан Эцэг Хүү Бурханд өгсөн учраас чуулган бүх үндэстнийг дагалдагч болгох үүрэгтэй.”
- Ж. Херберт Кане,
“Сайнмэдээний ажил”
Жишээ 1
Чуулган сайнмэдээг түгээх үүрэг даалгавраа биелүүлэхээр ажиллаж байгаа тул төлөвлөгөө гаргах, баг бүрдүүлэх, хөтөлбөр боловсруулах, дэмжлэг олох шаардлагатай болдог. Эдгээр практик зорилгод үйлчлэх институтуудыг чуулган бүрдүүлдэг. Ихэвчлэн ийм байгууллагууд нь чуулган үүрэг даалгавраа биелүүлэхээр хөдөлгөгдөж, хүмүүс өөрсдийгөө зориулж эхлэх сүнслэг сэргэлтийн үед үүсч бий болдог.
Байгууллага, бүтцүүд шаардлагатай. Институт гэдэг нь энгийнээр хүмүүс ба нөөцийг урт удаан хугацаанд зохион байгуулалтад оруулахыг хэлдэг. Бүтэц байгууллагагүйгээр чуулганы барилга байгууламж, гадаад илгээлт, Библи болон бусад утга зохиол хэвлэлийн ажлууд, христитгэлийн сургуулиуд, боловсролын хөтөлбөрүүд, үйлчлэлийг дэмжих санхүүгийн дэмжлэг зэрэг нь ч байхгүй байх байсан. Орон нутгийн чуулган ч гэсэн институт бөгөөд хэсэг бүлэг хүмүүс үүнийгээ авч явж, зориулалт гаргахгүй л бол оршин тогтнох боломжгүй юм.
Хэрэв институт нь амжилттай байвал магадгүй олон хүнтэй, их төсөвтэй болж болох юм. Харин ийм институтийг удаан авч явахын тулд маш их хүчин чармайлт, зардал шаардагдана. Заримдаа тухайн байгууллагад ажиллаж буй хүмүүс институт байгуулах нь үндсэн зорилго гэж мэдэрч эхэлдэг. Тэд байгууллагынхаа анхны эрхэм зорилго үүрэг даалгаврыг биелүүлэхээс илүүтэй институтийг үргэлжлүүлэн авч явах гэж боддог.
Хэдийгээр институт шаардлагатай ч сайнмэдээний ач холбогдлын дагуу тэдгээрийг байнга үнэлж, шинэчилж байх ёстой юм.
Жишээ 2
Үйлчлэл хийхэд мөнгө олох бололцоо байдаг тул зарим хүмүүс үйлчлэлийг бизнес байдлаар эхлүүлдэг. Үйлчлэлийн зардалд нэмэр болохын тулд алив зүйлийг зарах нь буруу биш бөгөөд үйлчлэлдээ санхүүгийн дэмжлэг хайх нь ч буруу зүйл биш юм. Гэхдээ тухайн хүн сайнмэдээг нэн тэргүүнд тавихаас илүүтэй мөнгөөр сэдэлжиж байвал түүний зүрх сэтгэл нь буруу бөгөөд ажил нь Бурханд таалагдахгүй (1 Петр 5:1-2, 2 Петр 2:3).
Симон байр суурьтай болж, ашиг орлого олохын тулд сүнслэг бэлгийг хүссэн боловч түүний зүрх сэтгэл буруу байсныг элч түүнд хэлсэн юм (Үйлс 8:18-23).
► Чуулганаа худалдахыг оролдох пасторын нөхцөл байдал яагаад буруу вэ? Чуулган гэж яг юу болох талаарх түүний ойлголт яагаад буруу байна вэ?
Жишээ 3
Синкретизм бол христитгэлийг өөр шашны эсрэг тэсрэг итгэл үнэмшил, зан үйлтэй холих явдал юм. Шинэ гэрээний үеийн синкретизмийн жишээ бол самаричуудын шашин шүтлэг юм. Шүтээн шүтэж байсан харь үндэстнүүд Израилын нутаг дэвсгэрт нүүн ирснээр Израилын шашныг өөрсдийн шүтээнтэй хольж орхисон. Есүс тэд юуг мөргөн хүндэлдэг гэдгээ мэддэггүй гэж хэлсэн байдаг (Иохан 4:22).
Синкретизмийн өөр нэг жишээ бол Гаити улсын түүх юм. Гаити Францын колони байх үед Африк гаралтай боолуудыг христитгэлд орохыг тулган шаарддаг байв. Тэд хуучин шашнаа Ромын Католик шашинтай хольсон. Өнөөдөр олон гаитичууд сүнснүүдийг шүтдэг Вуду зан үйлээ хийсээр байгаа ч христитгэлийн бэлгэдэл тэмдэг зүүж, ариун хүмүүсийн нэрсийг хэрэглэсээр байна.
Заримдаа синкретизм нь христитгэл давамгайлж байсан үндэстнүүдтэй холбогдох нь ч бий. Хүмүүс ноёлж буй үндэстэнд таалагдахын тулд шашных нь зан заншлыг хүлээн зөвшөөрдөг ч, өөрсдийн анхны итгэл үнэмшлээ хадгалсаар байдаг.
► Христитгэл болон бусад шашин хоорондоо холилдсон ямар жишээг та мэдэх вэ?
Дэлхийлэг сэдэл нь синкретизм үүсгэх боломжтой. Хэрэв хүмүүс сайнмэдээг хүлээн авснаар санхүүгийн ашиг орлого, улс төрийн нөлөө, эсвэл нөлөө бүхий хүмүүсийн тааллыг олох зэрэг ашиг тустай гэж боддог бол итгэлд жинхэнээр ирэлгүй, харин христитгэлийн харагдах байдал өнгөн талыг л хүлээн зөвшөөрдөг байж болох юм. Улмаар тэд хуучин итгэл үнэмшил, дадал зуршлаа дагасаар байгаа ч христитгэлийн нэрээр тэднийг дууддаг. Хүмүүсийг буруу сэдлээр хариу үйлдэл үзүүлэхэд хүргэдэг алив зүйлсийг санал болгохгүй байх нь чуулганы сайнмэдээ тараалтад хамгийн үр дүнтэй.
Сайнмэдээг гадаадын илгээлтийн эзэд авчрах үед христитгэл нь харийн шашин мэт санагдаж магадгүй юм. Тийм ч учраас христитгэлийг нутаг орон, соёлдоо шингээж, өөриймсүүлэх нь маш чухал. Энэ нь цаашид харийн шашин шиг харагдах учиргүй. Нөгөөтэйгүүр илгээлтийн эзэд болон сайнмэдээг тунхаглагчид нь тухайн соёлын ямар нарийн ширийн зүйлс христитгэлтэй нийцэхгүй байгааг олж мэдэх хэрэгтэй. Энэхүү ялгааг таних нь хугацаа шаардсан, мөн орон нутгийн итгэгчдийн тусламжтайгаар хийгдэх ёстой үйл явц юм.
Жишээ 4
Зарим тохиолдолд шашин нь тухайн үндэстний уламжлалт шашин гэж тооцогддог. Жишээлбэл, зарим үндэстний хүмүүсийн ихэнх нь муслим шашинтай байдаг. Өөр зарим үндэстний хувьд ихэнх хүн ам нь өөрсдийгөө Ромын католик шашинтай гэж үздэг. Ихэнх хүмүүсийн хувьд өөрсдийн шашны ёс суртахууны хэм хэмжээг яг дагаж мөрддөггүй. Зөвхөн хаа нэг шашны зан заншил байдлаар хэрэгжүүлдэг. Гэсэн хэдий ч тэд өөрсдийгөө энэхүү шашныг дагагчид гэж ярьдаг.
Олон хүмүүсийн хувьд тэдний нийгмийн харилцаа хүрээлэлд байгаа бүх сайн хүмүүсийг итгэгчид гэж үздэг учраас өөрсдийгөө Христэд итгэгч гэж дуудах нь бий. Гэхдээ тэд жинхэнээсээ гэмшээгүй хүмүүс юм. Тэд өөрсдийнхөө ёс суртахууны хэм хэмжээг дагаж мөрдсөөр байдаг.
Сайнмэдээ бол гэмшиж, Христэд захирагдах дуудлага юм. Хэрэв хүн өөртөө төвлөрсөн аминч байдлаа үхүүлж, жинхэнэ дагалдагч болохгүй л бол Түүний дагалдагч байж чадахгүй хэмээн Есүс өгүүлсэн байдаг (Лук 9:23).
Нүгэлт нийгэмд алдар нэртэй байхын тулд христитгэлийн нэрийг зүүж болохгүй. Нийгмийн хэвийн ёс суртахуун нь христитгэлийн ёс суртахуунаас ямагт доогуур байдаг тул Христэд итгэгч нь ертөнцтэй зөрчилддөг.
► Гэмшилгүй хэдий ч алдар нэртэй христитгэл танай нийгэмд хэрхэн илэрч байна вэ?
Жишээ 5
Бүх итгэгчид бүх онол сургаал дээр санал нэгдэнэ гэж бид хүлээх хэрэггүй юм. Хэдийгээр тэд Библийг онол сургаалын эрх мэдэл гэж хүлээн зөвшөөрдөг ч итгэгчдийн хооронд ялгаа байдаг.
Заримдаа чуулганууд өөр бусад чуулгануудаас тэднийг ялгах онол сургаал дээрээ ихээхэн анхаардаг. Гэтэл тэдгээр сургаал нь христитгэлийн үндсэн онол сургаалтай адил хэмжээнд чухал биш байдаг. Хэрэв тэдгээр чуулганууд үндсэн сайнмэдээг заадаг л бол бусад чуулгануудыг жинхэнэ христитгэлтэй биш гэж хэлж болохгүй.
Чуулган бусад чуулгантайгаа тэмцэлдэж, өөрийн дүр төрхийг тогтоох ёсгүй. Энэ нь эхлээд сайнмэдээгээр, дараа нь чуулгандаа өөрийгөө зориулдаг гишүүдийн нөхөрлөлөөр батжих учиртай.
► Чуулган ямар үндэслэлээр бусад чуулганыг жинхэнэ христитгэлт гэж хүлээн зөвшөөрөх ёстой вэ?
Жишээ 6
Үнэн зөв сургаалыг бусад үнэнтэй зөрчилдөхүйц хэмжээнд онцлох ч боломжтой. Чуулган нигүүлслийг онцолсноор Бурханд дуулгавартай байх хэрэгцээг багасгаж байж ч болох. Түүнчлэн чуулган итгэлд ирэх агшинг онцлохдоо дагалдагч болох үйл явцыг умартах ч боломжтой. Итгэлээсээ няцсан нэгэнд Бурханы итгэмжит байдлыг онцлохдоо чуулган итгэлээсээ урвах аюулыг сэрэмжлүүлэлгүй өнгөрөөж ч болно. Сүнслэг бэлгүүдийг өргөмжлөхдөө чуулган гүн гүнзгий сүнслэг байдал болон христитгэлийн зан чанарыг үл тоомсорлож магадгүй юм.
Онол сургаалын тэнцвэргүй байдал нь цаг хугацааны явцад илэрч, урт хугацааны үр дагаврыг бий болгодог. (1) Нүглийн талаар хайхрамжгүй хандах, (2) авралын баталгааг үгүйсгэх, (3) сайнмэдээнд хариу үйлдэхийг хүсэж буй хүний замд нэмэлт бэрхшээл учруулах, эсвэл (4) сайнмэдээг нуун дарагдуулах зэрэг аливаа сургаал нь тэнцвэргүй онол сургаал юм.
Чуулганы түүхээс сайнмэдээг хамгийн их орхигдуулж байсан цаг үе нь агуу том институт байгууллагууд хөгжин цэцэглэж байсан үе мэт харагддаг. Бүтэц, байгууллагажих хөдөлгөөн, синкретизм, онол сургаалын тэнцвэргүй байдал зэрэг алдаа завхрал нь сайнмэдээнээс илүүтэй энэ үед дэлгэрсэн байдаг. Удирдагчид нь сүнслэг үлгэр жишээ үзүүлэхийн оронд буруу сэдэл, буруу зан чанар, ертөнцийн юмсыг илүү сонирхох хандлагыг харуулсан мэт санагддаг.
Бурхан чуулганд хандсан агуу сэргэлтүүдийг зарим үед авчирч байсан. Урт хугацаанд үргэлжлэх, өргөн цар хүрээтэй сэргэн мандалт нь гурван талбарыг хамарч байв.
1. Үл тоомсорлож байсан сүнслэг үнэнүүд сэргээгдэх үед буюу теологийн шинэчлэл явагддаг.
2. Сүнслэг сэргээлт бий болдог. Энэ тохиолдолд хүмүүс маш ихээр залбирч, чин сэтгэлээсээ мөргөн хүндэтгэж, үлэмж тооны хүмүүс итгэлд ирцгээдэг.
3. Чуулган сайнмэдээг тараах, дагалдагч бэлтгэх шинэ арга замуудыг олдог тул үйлчлэлийн шинэ арга барилууд бий болдог.
Протестант шинэчлэл (НТ 1500-аад оны үед Европыг хамарсан) нь зөвхөн итгэлээр дамжуулан нигүүлслээр аврагдах авралын сайнмэдээг сэргээсэн. Мянга мянган хүмүүс итгэлд ирж байлаа. Бичвэрийг нийтлэг хэлүүд рүү орчуулж, олны хүртээл болгосон.
Анабаптистуудын (1500-аад оны үед болон хожуу Европ даяар) санааг Шинэчлэлийн үр дүнд бий болсон олон тооны дагагч нарын итгэл зовоож байв. Тэд зөв онол сургаалд итгэх нь л авралд хангалттай хэмээн заалгаж байлаа. Олон хүмүүс сайнмэдээний үнэнийг хүлээн зөвшөөрч байна гэж хэлдэг ч тэд итгэлд ирэх туршлагыг амсаагүй байсан. Анабаптистууд хувьчлан итгэлд ирэхийг онцолдог байв.
Пиетистүүд (1600-аад оны сүүл үе, Германд) дагалдагч байхын чухлыг ойлгосон хүмүүс байжээ. Тэд Христэд итгэгчдийг сургаж төлөвшүүлэхийн тулд жижиг бүлгийн үйлчлэл болон тогтолцоог боловсруулсан юм.
Методист сэргэн мандалт (1700-аад оны сүүл үе, Англид) Жон Веслейн үйлчлэлээс эхэлсэн. Тухайн цаг үед Английн чуулганы ихэнх санваартнууд хүн авралын баталгаагаа хувьчилан мэдэх боломжгүй гэж үздэг байв. Харин Веслей хүн бүр Христ дотор амьд итгэлтэй байгаагаа болон Ариун Сүнснээс авралын баталгааг хүлээн авч мэдэх боломжтой гэж номлож байлаа.
► Та нийгэмдээ ямар агуу үнэнийг онцлох хэрэгтэй вэ?
Христитгэлт том, жижиг (орон нутгийн чуулгануудыг оролцуулаад) олон институтууд сайнмэдээг нэн тэргүүнд тавьж үйлчлэлээ эхлүүлдэг. Харин цаг хугацаа өнгөрөхөд тэдний олонх нь энэхүү тэргүүлэх чиглэлээс холдон одсон байдаг.
Чуулганы үр нөлөөтэй байдлыг шинэчлэхийн тулд бидэнд сонин хачин шинэ сургаал эсвэл шинэ илчлэлт хэрэггүй юм. Бидэнд хэрэгтэй тэр зүйл бол сайнмэдээг нэн тэргүүнд тавьдаг эвангелийн зарчмаа сэргээх явдал юм.
Та дараагийн хичээлээ 5-р хичээлийн сорилоор эхлэх болно. Сорилын асуултуудын дагуу сайтар судалж бэлдээрэй.
(1) Эвангелийн чуулгануудыг тодорхойлох гурван шинж чанар юу вэ?
(2) Чуулган сайнмэдээний тэргүүлэх чиглэлийг алдаж болох зургаан байдал юу вэ?
(3) Онол сургаал тэнцвэргүй байгааг илтгэх дөрвөн шинж тэмдэг юу вэ?
(4) Урт удаан үргэлжлэх сэргэн мандалтын гурван талбар юу вэ?
(5) Дараах шинэчлэгчдийн талаар мэддэг зүйлээ бичнэ үү?
Протестант шинэчлэл
Анабаптистууд
Пиетистүүд
Методист сэргэн мандалт
SGC exists to equip rising Christian leaders around the world by providing free, high-quality theological resources. We gladly grant permission for you to print and distribute our courses under these simple guidelines:
All materials remain the copyrighted property of Shepherds Global Classroom. We simply ask that you honor the integrity of the content and mission.
Questions? Reach out to us anytime at info@shepherdsglobal.org
Total
$21.99By submitting your contact info, you agree to receive occasional email updates about this ministry.
Download audio files for offline listening
No audio files are available for this course yet.
Check back soon or visit our audio courses page.
Share this free course with others