[1] Заримдаа хүмүүс амьдралын бодит хэрэгцээнд санаа зовдог. Тэд хангалттай хоол хүнс, орон байр, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байдаг. Эдгээр хэрэгцээ нь сүнслэг хэрэгцээнээсээ илүү яаралтай гэж тэд боддог. Чуулган сайнмэдээ тараадаг шигээ хүмүүсийн бодит хэрэгцээнд мөн тусалж болно. Гэхдээ чуулган аврагдаагүй хүмүүсийн адилаар сүнслэг хэрэгцээнээс илүүтэй газар дэлхийн хэрэгцээнд анхаарлаа хандуулж байвал асуудалтай.
Чуулган материаллаг хэрэгцээг анхаарах ёстой боловч сүнслэг талыг чухалчлах тодорхой үйл ажиллагаагаа хадгалаад явах ёстой. Ингэхдээ:
1. Хүмүүсийн хэрэгцээг хангаж өгөх үедээ Бурханы хайрыг хуваалцаж байгаагаа заавал хэлэх ёстой.
2. Чуулганаас тусдаа байгууллага болохоос илүүтэй итгэлийн гэр бүлээрээ хамтран ажиллах нь зөв.
3. Итгэгчид бие биедээ санаа тавьдаг чуулганы нөхөрлөлд хүмүүсийг урих хэрэгтэй.
4. Итгэгчид сайнмэдээ тараан, мөнх амийн тухай зааж, Бурханыг мэдсэнээр ирэх ерөөлийн тухай мэдүүлэх ёстой.
Олон үйлчлэлийн байгууллага хүмүүсийн материаллаг хэрэгцээг хангах хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд нөөц бололцооныхоо хэрээр олон нийтийн хэрэгцээнд үйлчилдэг. Тэдний гол зорилго нь сайнмэдээ тараах боломжийг бий болгох явдал юм. Тэд хүмүүсийн бодит хэрэгцээнд тусалж, найз нөхдийн холбоо тогтоовол сайнмэдээ рүү анхаарлыг нь татаж болно гэж үздэгт байгаа юм. Эндээс Хөтөлбөр, Харилцаа холбоо, Сайнмэдээ гэсэн томьёолол харагдаж байна.
Гэхдээ тусламжийн хөтөлбөрүүд бүтэлгүйтдэг олон тохиолдол бий. Тусламжаас болоод өгөгч, авагчаас илүү харилцаа тогтохгүй байж болно. Заримдаа сайнмэдээ нь өгч байгаа эд зүйлээс тусдаа болж, хүмүүс сайнмэдээг сонирхохгүйгээр тусламж авдаг болж хувирна. Хөтөлбөр дээр ажиллаж байгаа хүмүүс тусламжаа тараагаад завгүй учраас сайнмэдээ тараахаа больдог.
Тэгвэл томьёоллыг эргүүлэх хэрэгтэй. Чуулган сайнмэдээг чухалчилж, хүн бүртэй сайнмэдээгээр анхны харилцаагаа тогтоох ёстой юм.
Чуулган сайнмэдээг дэлхийн хүмүүст тараахдаа чуулганы шинэ амьдралын тухай итгэмжтэйгээр тайлбарлаж өгөх хэрэгтэй. Аврал бол хүнийг хачин жигтэй, шинэ амьдралд ганцааранг нь үлдээдэг, хувь хүний ганцаараа аялах зам биш. Итгэдэггүй хүмүүс сайнмэдээг тарааж байгаа итгэлийн хамт олонд татагдахгүй л бол сайнмэдээг гол төлөв хүлээж авдаггүй.
Есүс ба элч нарын үйлчлэлээс сайнмэдээ бол Бурханы хаанчлалын тухай юм гэдгийг бид хардаг. Энэ бол нүгэлт хүн уучлал өршөөл хүртэн, Бурхантай харилцаатай болох боломжтой тухай мэдээ юм. Тийнхүү хүн нүглийн хүлээснээс чөлөөлөгдөж, шинэ бүтээл болдог. Ингээд хүн сүнслэг ах эгч нараасаа урам зориг авч, хэрэгцээнд нь туслах итгэлийн гэр бүлд нэгддэг.
Чуулган тэгэхээр сайнмэдээг бусдад дамжуулах гол үүрэг даалгавраа анхаарах ёстой. Магадгүй тэдгээр хүмүүс бүгд итгэгч биш байж болох ч, чуулганы явуулсан сайнмэдээний үйлчлэлд татагдсан хүмүүс юм.
Тиймээс томьёолол маань Сайнмэдээ - Харилцаа холбоо - Тусламж (хөтөлбөр биш) гэсэн дараалалд орж байна. Ер нь чуулган тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага болох ёсгүй. Чуулган бол харилцаа холбоотой хүмүүстээ тусалдаг хэсэг бүлэг хүмүүс юм. Хэрэв тэд ямар нэг хөтөлбөр эхлүүлбэл хүмүүс харилцаа холбоогүйгээр хөтөлбөрт хамрагддаг.
[1]
“Илгээлтийн эзэд Энэтхэг, Уганда болон бусад газруудын хүмүүст мөнгө өгч, өлсгөлөнгөөс ангижруулж, боловсрол олгож, эмнэлгийн үйлчилгээгээр хангаж, эсвэл олон төрлийн давуу эрх олгох замаар хүмүүсийг “худалдаж” итгэгч болгосон хэмээн буруутгагдаж байна”
- Ж. Херберт Кане,
“Сайнмэдээ Түгээх Ажил”
Previous
Next