Сайнмэдээг зөвхөн Ром номын эшлэлүүдээр тайлбарлаж болох юм. Үүнийг заримдаа “Ромын зам” гэж нэрлэдэг.
Тайлбар бүрийн эхний өгүүлбэр нь гол түлхүүр утга санааг илэрхийлдэг учраас цээжлэх нь чухал.
Ром 3:23
“Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй”
Хүн бүр буруу гэж мэддэг зүйлээ хийснээр нүгэл үйлдсэн.
Энэ эшлэл нь хүмүүст тулгардаг бодит асуудлыг илэрхийлдэг. Хүмүүс Бурханыг дагаагүй, зориудаар Бурханд дуулгаваргүй хандсан юм. Дуулгаваргүй байдал нь бүх хүнд хамаатай. Хүн байнга зөв зүйл хийлээ ч Бурхан зөвт гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Дээрх эшлэлийг илүү сайн ойлгохын тулд дараах эшлэлүүдийг ашиглаж болно.
Ром 3:10 (“Зөвт хүн алга, ганц ч алга”)
Ром 5:12 (“бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ”). Ром 6:23 “Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.”
Нүгэлтнүүд мөнхийн үхлийг хүртэх ёстой бол харин Бурхан Есүсээр дамжуулан мөнхийн амийг бэлэг болгон өгсөн.
Энэ эшлэлд нүгэл яагаад ноцтой вэ? гэдгийг хэлж байна. Нүглийн улмаас хүн бүрд үхлийн шийтгэл ирдэг. Бурханы шийтгэл, мөнхийн үхэл нь нүгэлтнүүдэд зориулагджээ.
Бидний хүртэх ёстой зүйл нь үхэл байсан ч харин бидний хүртэх зохисгүй зүйл буюу амийн бэлгийг Бурхан бидэнд өгч байна.
Ром 5:8
“Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө үхсэнээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан”
Бурханы бэлэг нь Христийн үхлээр дамжуулан бидэнд өгөгдсөн.
Бидний хүртэх ёстой шийтгэлээр Бурхан биднийг шийтгэхийг хүсээгүй юм. Учир нь Тэр биднийг хайрлаж нигүүлслийг хүлээн авах боломж өгсөн. Биднийг өршөөхийн тулд Есүс нүглийн тахил золиос болж үхсэн. Аврагдахын тулд ямар нэг зүйл хийхийг Бурхан биднээс шаардаагүй бөгөөд биднийг нүгэлтнүүд байхад Бурхан бидэнд авралыг өгсөн юм. Аврал нь сайн хүний төлөө бус, харин нүгэлтнүүдийн төлөө зориулагджээ.
Ром 10:9
“Хэрэв та хүлээн зөвшөөрч... итгэвэл... аврагдах болно.”
Авралын цорын ганц шаардлага нь нүгэлтэн нүглээ хүлээн зөвшөөрч, Есүсийн үхэл ба амиллаар ирэх Бурханы өршөөлд итгэх явдал юм.
Гэмшил гэж юу вэ? Хэрэв хүн бурууг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, өршөөлийг хүлээн авахыг хүсвэл нүгэлт замаасаа эргэхэд бэлэн гэдгээ илэрхийлж буй хэрэг юм.
Ром 10:13
“Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно.”
Хүн бүр аврал авах боломжтой.
Бүх хүнд хамаатай, өөр шалгуур гэж байхгүй.
Ром 5:1
“Тиймээс бид итгэлээр зөвтгөгдсөн тул... Бурхантай эвлэрсэн.”
Бурханы амлалтад итгэснээр бид нүгэлтэн гэж тооцогдохгүй, харин Түүний анд нөхөр болдог.
Бурхантай найрамдах гэдэг нь бид Түүний дайснууд бус харин Түүнтэй эвлэрсэн гэсэн утгатай. Биднийг Бурханаас тусгаарладаг нүглээс ангижирсан. Зөвтгөгдсөн гэдэг нь бид гэм буруутай гэж тооцогдохгүй гэсэн утгатай. Итгэлээр зөвтгөгдсөн гэдэг нь бид уучлал авахад шаардлагатай Бурханы амлалтад итгэхийг хэлнэ.
Ром 8:1
“Иймд эдүгээ Христ Есүс дор байгаа хүмүүст ямар ч ял үгүй.”
Бид Бурхантай нэгдсэн учраас биднийг буруутгадаг нүглийн буруутгалаас чөлөөлөгдсөн.
Христ нүгэлгүй амьдралаар амьдарсан ба загалмай дээрх Түүний үхэл шударга ёсны шаардлагуудыг биелүүлсэн юм. Итгэлээр бид Түүнтэй нэгдэж, Бурхан Эцэг биднийг хүлээн авсан. Биднийг хэзээ ч нүгэл үйлдээгүй мэт Бурхан бидэнд тийнхүү хандсан юм.
Дүгнэлт
Үл итгэгч хүн Бурханд хандан залбирч, нүгэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, Есүсийн үхэл, амиллын золилтын үндсэн дээр өршөөлийг гуйснаар аврагдах боломжтой болсон юм.
Previous
Next